Компанийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг сайжруулах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Тавантолгойн бүлэг ордын хэмжээнд анхны агаарын чанарын хяналтын станцыг Цогтцэций сум, уурхайн кемпийн орчимд суурилууллаа. Ингэснээр орчны агаарын сөрөг нөлөөллийн мэдээллийг цуглуулах, мэдээллийн сан бий болгох, агаарын бохирдол, орчны дуу чимээ, тоос тоосонцор, хийн бохирдлыг орчин үеийн технологийн тусламжтайгаар нарийн тогтоож агаарын чанарын үзүүлэлтийг тогтмол хянах ач холбогдолтой юм.
Aeroqual AQM65 станц нь:
- Нүүрстөрөгчийн дутуу исэл CO
- Азотын давхар исэл NO2
- Хүхэрлэг хий SO2
- Тоос TSP, Тоосонцрын PM1, PM2.5, PM10
- Салхины чиглэл болон хурд
- Агаарын температур, чийгшил
- Өндрийн даралтыг тус тус минутын нарийвчлалтайгаар хэмжинэ.
Энэхүү станцыг суурилуулснаар Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын нөлөөллөөр сумын иргэдэд тоосжилт, агаар бохирдуулагч бодис хэр хэмжээтэй дэгдэж нөлөөлж байгааг дээрх үзүүлэлтээр нарийвчлан тогтоох, мэдээллийг цуглуулан түүндээ үндэслэж хариу арга хэмжээ авснаар байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэхэд нэгэн шинэ алхам болж байна.