“Оюу толгой” компани, Өмнөговь аймаг урт хугацааны тогтвортой хөгжлийн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Өмнөговь аймаг, Даланзадгад сум - “Оюу толгой” ХХК өнөөдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм.

Гэрээний хүрээнд “Оюу толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм. Аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай шийдвэрийг компани, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн “Хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөл гарган.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Дөрвөн жил гаруй хугацаанд хэлэлцсэн энэхүү Хамтын ажиллагааны гэрээ нь бидний ажиллаж, амьдарч буй нутаг орны ард иргэд, засаг захиргаатай харилцан шүтэлцсэн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо. Гэрээний дагуу өнөөдрийг хүртэл хийгдсэн ажлууд, тэр дундаа зам, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг гол чиглэлүүдээр олсон амжилтад үндэслэн цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойллоо. Хамтын ажиллагааны гэрээ нь Өмнөговь аймгийн хөгжилд түлхэц өгөх нэг чухал хүчин зүйл болохын зэрэгцээ цаашид Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд жишиг болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.