ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

“Монголын хөрөнгийн бирж”-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК 2020 оны 04-р сарын 29-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Дэлхий нийтийн хэмжээнд тархаад буй шинэ корона вирус /COVID-19/ халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Өмнөговь аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулагч болон хуралд оролцогч иргэдийн гарыг ариутгах, өрөө тасалгааг халдваргүйжүүлэх, амны хаалтыг хэрэглэх, нэг удаагийн бээлий хэрэглэх, хоорондын зайг 2м-ээс багагүй хэмжээнд бариулан хурлыг 3 цагт багтаан хуралдууллаа.

Ээлжит хурлаар “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Мөн компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, ногдол ашиг тараалтын тайланг танилцуулан тус тус хэлэлцэн батлав. Ногдол ашгийн хувьд компанийн 2019 оны цэвэр ашгаас нийт 43.2тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд нэгж хувьцаанд 821 төгрөг ногдож байна.

Хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн ногдол ашгийг шинэчилсэн журамд заасны дагуу Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах ажлыг зохион байгуулахаар боллоо.